undefined
undefined

Үүслийн ариун тэнгисээс буцах эрхгүй цөлөгдөөд
Үзүүр үгүй балархай жимээр үнэний зүг рүү
Үхрийн сажилалтаар нүүж яваа би нүүдэлээ
Тараавал тал дүүрэх бодол минь миний ачаа
Танихгүй хүн шиг өнгөрөх он цагууд
Танимхайрах бүрийд минь ачаа даана
Урд минь хөндөлсөх уулсын оройтой уулзахуйд
Ухаарал болж ирэх бурханы салхинд гунигаа амраасан
би нүүдэлээ
Түмэн өнгийн хүслээ наран ургах зүгт зангидсан
Алдаа хийгээд зовлонгийн чуулбараас
Үхэлийн учгыг тайлсан
Өдөр шөнө болж зочилох аниргүй салхины урсгалд
Өнчирч нүцгэрэх заяатай ч
Би үхлийг дарлаж нүүж яваа би нүүдэлээ
Өнгө алаг хорвоогийн хөрсөнд өөрийн мөрөө таталсан
Өнгөрсөн үлдсэн мөрөн дээр минь өнгө өнгийн цэцэг
алагласан
Өчигдөр үлдээсэн мөртэйгээ өнжөөд уулзах тавилантай
Би үйлэндээ дарлагдсан би нүүдэлээ
Зурагдсан тавилангаа хөглөж
Зүрхэн шаргал навчсын талд хаваржиж
Зөөлөн салхинд бөхийх нялх цэцэгсийн аглагт намаржиж
Зөн минь амилах гэгээн зүг рүү
Зүрхний хэмнээгээр нүүж яваа би нүүдэлээ