Хэдэн урлагт хайртай уран бүтээлч нөхөдийн хамт Солонгосд буй Монголын бүтээлчдийн клуб гэдэг сүржин нэртэй даруухан клуб байгууллаа. Мэдээж зорилго нь бие биендээ дэм болж гоё уран бүтээл хийх зорилготой эхний ээлжинд хамтын блог хуудастай болов дараа нь М. Радиотой хамтраад нэвтрүүлэг бэлдээд миний бие Сүхзориг ахынхаа хамт анхны дугаарт зочиноор оролцов. Анхны юм алдаа оноо их л байгаа байх тэгэхдээ нэг сайхан дурсамжтай болж хоцорлоо. Тэгээд блогоор минь зочилдог цөөн хэдэн хүмүүстэй сонсохоор бүрэн эхээр нь бичлэгийг тавьлаа



.




Хуулбар ертөнц минь
Хаа нэгтээ байгаа төгс төгөлдрийн хуулбар минь
Хуулбар ч гэлээ чамдаа хайртай
Ийм дуу аяллаад хэд хоног боллоо
Хэн нэгний төгс төгөлдөрийг бүтээх оролдлогын
Хамгийн түрүүнд туршсан туршилт минь
Хуулбар ч гэлээ чамдаа хайртай
Мэдээж энэ хайр минь ч бас хуулбар туршилт
......
Хэн нэгэн дотороо сүнстэй эргэдэг тоглоом бүтээгээд
Дэлхий гээд нэрлэчихэж
Хэн нэгэн араатанлиг бас бурханлиг хүүхэлдэй бүтээгээд хүн гээд нэрлэчихэж
Хэн нэгний бүтээсэн тоглоомны туслах дүр нь хүн л дээ
Харин хүүхэлдэй минь өөрийгөө гол дүр гэж боддогт буруу байна
Тэр хэн нэгэн хэзээ энэ гунигт тоглоомон хүүхэлдэйгээс уйдах бол ?
Enter товч дарж тоглоом эхлүүлсэн шигээ
Хэзээ delete товчийг дарж дуусгах болоо?
Хуулбар ертөнц минь
Хаа нэгтээ байгаа төгс төгөлдөрийн хуулбар минь
Чамдаа би хайртай чамдаа би хайртай
Мэдээж энэ хайр минь ч бас хуулбар туршилт
Ийм дуу аяллаад хэд хоног боллоо
Бурханы нулимс өдрийн тэнгэрт дүүлэх гэрэлт цох
Цаг хугацаа тэнгэрт тогтсон бороон дусал
Бүүдгэр гуниг минь мартагдсан бийрын үзүүрт хатсан шар өнгө
:::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::
Хуучин хот мартагдсан гудамж
Амь тавьж буй гэрэлт цох
Амжиж харсан бол чи хайрлах л байсан даа
Амьдралыг хайрлах л байсан

-------------------------------------------------------------
Чамд бичсэн шүлгээ
Үг бүрээр нь шараар будаад
Үхсэн навчисын гүнд нуучих яа
Хэн нэгэн олоод ( олох л болно)
Нисэж амжаагүй гэмшилийн шувуу гэж нэрлээд санаа алдаг
Энэ бүхний төлөө амьд явьяа
Амьдраагүй мэт амьдрая
.................................................................
Хацар дээр буусан бороон дусал
Хэзээ нэгэн цагт хаа нэгтээ болсон азгүй дурлалыг надад шивнэсэн
Харуусалт тэр түүхийг шүлэг гэж нэрлээд
Дүлий тэнгэрт би уншиж өгсөн
Сонссондоо тэр сонссон
Сонссон болоод л чимээгүй байгаа юм
....................................................................
Ард чинь үлдсэн лаа унтараагүй юм шүү
Мартагдсан болохоос
::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::
2009 Инчёон

Би намрын тэнгэрт хоригдон амьдарсан шувуу
Биелэшгүй бүхнээр хүсэл болгон амьдарч
Билгийн гэгээг дотроосоо тэмтчин бэтгэрч
Бүүдгэр тэнгэрийн хоосоноос өөрийгөө хайсан шувуу
Би намрын тэнгэрт хорогдон амьдарсан шувуу
Нуурын мандалд дэлбээлсэн цэцгийн гэгээнд сатаарч
Нууцхан эгшиглэх гунигт аялгуунд уярч
Шаналал үл танигдах өнгийн орныг зорилгүй
Шүүдрэн уянгат шаргал тэнгэрт хорогдон амьдрах шувуу
Би намрын тэнгэрт дүүлж амьдрах шувуу
Бүлээхэн бодлоор жихүүн жаврыг үргээж
Буйдхан эргэх аниргүй хорвоог
Битүүхэн жиргээгээр хөглөж
Бэлгүй тойрох цагийн салхитай наадсаар
Би намрын тэнгэрт бардам халих шувуу
чимээгүй оршино номноос 2006

Цаг хугацаанаас
Алгаа дэлгэхэд нисэн одох гэрэлт шувууг атган хоцорном
Цаг хугацаанаас
Усны мандал дахь өнчин сар санаа алдахад цэцэг дэлбээлэхийг үзнэм
Цаг хугацаанаас
Шаргал өвсний уйлалдаан огторгуйд цуурайтахыг сонсном
Цаг хугацаанаас
Асуухад минь асуултаар хариулах дуугүй бурханыг олж ярилцнам
Цаг хугацаанаас................2008.2сар seul
.

Би унтаа мэт сэрүүн мэт нойрноосоо сэрэхэд
Хөх намрын шаргал тэнгэр амгалан дүнхийнэ
Гашуун бүүр гашуун тэр шаналалт итгэлийн цэцгэнд
Ганцаараа би орчлон мартан дурласан байна
Би нээгдсэн мэт хаалттай мэт сэтгэлээ ярахад
Намрын гунигт дуу ниссээр орчлонгын хоосонд шингэнэ
Нууц бүүр нууц гэрэл аялгуун зүгт
Нарнаас зугтан өөрийн дотроо төөрнөм
Би байгаа мэт байхгүй мэт өөрийгөө хайхад
Эвлүүлдэг тоглоом мэт тавилан минь тэнгэрийн аясаар эргэлдэнэ
Эвдэрсэн бүүр эвдэрсэн сэтгэлээ эвлүүлэн уйд автахад
Эрээд олдоогүй утга учир гэрийн минь үүдэнд өндийдөг


Хайртай гэдэг үгийг би
Хүлээлт гэж ойлгосон
Би чамайг хүлээсэн …..
Хүлээх хүлээхдээ..
Хүн чулуу мэт нарны гэрлийг нулимсаараа хэмжин хүлээсэн
Хүлээх хүлээхдээ ..
Хөх тэнгэрийн өнгийг гундуулж
Хүн нуурын усыг ширгээж хүлээсэн
Хүлээх хүлээхдээ ..
Өдөр шөнийг эд эсээрээ мэдэрч
Өнчин сар шаргал нарыг нүдээрээ манаж хүлээсэн
Хүлээлт гэдэг үгийг би хайр гэж ойлгосон
Би чамайг хайрласан
Хайрлах хайрлахдаа
Хаврын шувуудын бараанаас зүсээ бууруулж
Харзны хүйтэнд зүрхээ дүрж хайрласан
Хайрлах хайрлахдаа
Энгэрт минь байгаа бүх л зүйлээ
Элсний ширхэг болгоод гараасаа асгаж хайрласан
Би
Цэцэг мэт дэлгэрээд намрын өвс мэт хагдарахад
Чи
Эрвээхэй мэт орхин нисээд сэтгэл дотор минь шарх болоод нуугдчихсан
Хайртай гэдэг үгийг би
Хүлээлт гэж ойлгосон
Би хүлээсэн
Хүлээлт гэдэг үгийг би
Хайр гэж ойлгосон
Би чамайг хайрласан