Хуучин дэнлүү эцсийн удаа асах шиг тийм тод сартай би
__________________________хонолоо
Хөгжимийн тайлшгүй хэлээр хүүрнэх тийм яруухан
__________________________сартай би хонолоо
Хүсэлийнхээ тухай нулимасаараа бичсэн шүлэг шиг тийм
__________________________өнчин сартай би хонолоо
Хорвоогийн нүгэлийг нимгэлэх шидтэй тийм гэгээхэн
__________________________сартай би хонолоо
Дарс амтлаг дурлал шиг халуухан
Дуу шиг уянгалаг модод шиг дүнсгэр
Цэцэг шиг үзэсгэлэнтэй цас шиг цагаахан
Шүүдэр шиг тунгалаг шүлэг шиг ариухан
Тийм л сар дэргэд минь ирж хонолоо
Нулимас шиг шорвог зовлон шиг үнэнч
Нар шиг утга учиртай намар шиг дотно
Салхи шиг тэнүүлч сэтгэл шиг гүнзгий
Ганцаардал шиг эрх чөлөөт гуниг шиг гэгээхэн
Тийм л сар дэргэд минь ирж хонолоо
Үнэн шиг нууц үхэл шиг тод
Үйл шиг минь дагалдах бодол шиг ёроолгүй
Төөрөг шиг минь зурагдсан
Бурхан шиг тайлагдашгүй
Тийм л сар дэргэд минь ирж хонолоо
Хуучин дэнлүү эцсийн удаа асах шиг тийм тод сартай би
__________________________хонолоо
Хөгжимийн тайлшгүй хэлээр хүүрнэх тийм яруухан
__________________________сартай би хонолоо
Хүсэлийнхээ тухай нулимсаараа бичсэн шүлэг шиг тийм
__________________________өнчин сартай би хонолоо
Хорвоогийн нүгэлийг нимгэлэх шидтэй тийм гэгээхэн
__________________________сартай би хонолоо
Labels:
2 Responses
  1. Anurad Says:

    mash ih taalagdlaa


  2. Гоё шүлэг болжээ. Тоочлого!