
Би намрын тэнгэрт хоригдон амьдарсан шувуу
Биелэшгүй бүхнээр хүсэл болгон амьдарч
Билгийн гэгээг дотроосоо тэмтчин бэтгэрч
Бүүдгэр тэнгэрийн хоосоноос өөрийгөө хайсан шувуу
Би намрын тэнгэрт хорогдон амьдарсан шувуу
Нуурын мандалд дэлбээлсэн цэцгийн гэгээнд сатаарч
Нууцхан эгшиглэх гунигт аялгуунд уярч
Шаналал үл танигдах өнгийн орныг зорилгүй
Шүүдрэн уянгат шаргал тэнгэрт хорогдон амьдрах шувуу
Би намрын тэнгэрт дүүлж амьдрах шувуу
Бүлээхэн бодлоор жихүүн жаврыг үргээж
Буйдхан эргэх аниргүй хорвоог
Битүүхэн жиргээгээр хөглөж
Бэлгүй тойрох цагийн салхитай наадсаар
Би намрын тэнгэрт бардам халих шувуу
чимээгүй оршино номноос 2006

Цаг хугацаанаас
Алгаа дэлгэхэд нисэн одох гэрэлт шувууг атган хоцорном
Цаг хугацаанаас
Усны мандал дахь өнчин сар санаа алдахад цэцэг дэлбээлэхийг үзнэм
Цаг хугацаанаас
Шаргал өвсний уйлалдаан огторгуйд цуурайтахыг сонсном
Цаг хугацаанаас
Асуухад минь асуултаар хариулах дуугүй бурханыг олж ярилцнам
Цаг хугацаанаас................2008.2сар seul

Би унтаа мэт сэрүүн мэт нойрноосоо сэрэхэд
Хөх намрын шаргал тэнгэр амгалан дүнхийнэ
Гашуун бүүр гашуун тэр шаналалт итгэлийн цэцгэнд
Ганцаараа би орчлон мартан дурласан байна
Би нээгдсэн мэт хаалттай мэт сэтгэлээ ярахад
Намрын гунигт дуу ниссээр орчлонгийн хоосонд шингэнэ
Нууц бүүр нууц гэрэл аялгуун зүгт
Нарнаас зугтан өөрийн дотроо төөрнөм
Би байгаа мэт байхгүй мэт өөрийгөө хайхад
Эвлүүлдэг тоглоом мэт тавилан минь тэнгэрийн аясаар эргэлдэнэ
Эвдэрсэн бүүр эвдэрсэн сэтгэлээ эвлүүлэн уйд автахад
Эрээд олдоогүй утга учир гэрийн минь үүдэнд өндийдөг
Хайртай гэдэг үгийг би
Хүлээлт гэж ойлгосон
Би чамайг хүлээсэн …..
Хүлээх хүлээхдээ..
Хүн чулуу мэт нарны гэрлийг нулимсаараа хэмжин хүлээсэн
Хүлээх хүлээхдээ ..
Хөх тэнгэрийн өнгийг гундуулж
Хүн нуурын усыг ширгээж хүлээсэн
Хүлээх хүлээхдээ ..
Өдөр шөнийг эд эсээрээ мэдэрч
Өнчин сар шаргал нарыг нүдээрээ манаж хүлээсэн
Хүлээлт гэдэг үгийг би хайр гэж ойлгосон
Би чамайг хайрласан
Хайрлах хайрлахдаа
Хаврын шувуудын бараанаас зүсээ бууруулж
Харзны хүйтэнд зүрхээ дүрж хайрласан
Хайрлах хайрлахдаа
Энгэрт минь байгаа бүх л зүйлээ
Элсний ширхэг болгоод гараасаа асгаж хайрласан
Би
Цэцэг мэт дэлгэрээд намрын өвс мэт хагдарахад
Чи
Эрвээхэй мэт орхин нисээд сэтгэл дотор минь шарх болоод нуугдчихсан
Хайртай гэдэг үгийг би
Хүлээлт гэж ойлгосон
Би хүлээсэн
Хүлээлт гэдэг үгийг би
Хайр гэж ойлгосон
Би чамайг хайрласан
Хархан нүдний чинь толинд өөрийгөө ширтэн зогсоход
Ханхай цээж минь амь орж чинийх мэт болмуй
Гэрэлд шатах эрвээхэй мэт нүдэн дотор чинь орж шатаад
Гил шөнийн зүүдээ хүртэл чиний нүдээр дүүргэсэн
Нүдээрээ чи сэтгэлийг минь нэгжин ширтэхүйд
Нүгэлээ нуугаад чамд л анх дурласан гэж хэлмээр
Нүд чинь надад намайг мартуулна бас сануулна
Нөмгөн модод шиг тийм гунигтай тийм гоо үзэсгэлэнтэй
Зөвхөн нэрийг чинь сонсоход шүлэг мэт сонсогддог
би чамд тийм л хайртай
Зүүдээ манахад чи ирвэл мөнхөд сэрэхийг хүсдэггүй
би чамд тийм л хайртай
Зөн совин муугаар татахад хамгаас түрүүнд чамд зовнидог
би чамд тийм л хайртай
Зөөлөн амьсгаа чинь чихэнд шүргэхэд хорвоог мартдаг
би чамд тийм л хайртай
Хэн нэгний гар хацарыг чинь иллээ гэж зүүдлээд сэрээд зүүд байсанд
баярладаг
би чамд тийм л хайртай
Хэзээ ч би чиний дэргэд байж чадна гэж үнэнээсээ амалдаг
би чамд тийм л хайртай
Халуун нулимсыг чинь гараараа нь биш зүрхээрээ арчдаг
би чамд тийм л хайртай
Хайргүй гэдэгийг чинь мэдсээр байж хүлээн суудаг
би чамд тийм л хайртай
Амжиж хэлж чадаагүй үгээ араас чинь харж өөртөө шивнэчихээд
Арван найман нас шигээ ахиад л нэг гуниж үзсэн
Алганы хонхорхойд нулимсаа тогтоон зогсохдоо
Алаг нүдэнд чинь зовлон бүү тогтоосой гэж бурханд би залбирсан
Цэцэг соёлсон харцыг чинь үгээрээ урлаж
Цээжний гүн дэх шархаа мөнхийн болгоод хадгалсан
Цаг хугацаанд би итгээгүй чамайг мартахыг хүсээгүй юм
Цасны түрүүнд ирэх шувуу шиг дууч зүрхэндээ хөг болгоод нуучихсан
Харваад өнгөрсөн од мэт чамайг цаг хугацаанаас харамлахдаа
Хамаг сэтгэлээ уйтгар гунигаар дүүргэчихсэн
Хагацахын цагт өөртөө шивнэсэн үгээ
Намайг мартахын цагт чангаар чамд дуулгах гэж
Намрын хөх тэнгэрт шувуу болгоод нисгэчихсэн