Showing posts with label Шүлгүүд. Show all posts
Showing posts with label Шүлгүүд. Show all posts
Нэг дэх өдөр :
Надруу анх харахад чинь ертөнцийн бүх гоо сайхан ,
Нүдэн дотор чинь цуглаад инээж буй мэт санагдсан
Хоёрдахь өдөр :
Гараас чинь хөтлөөд нарны зүг алхаад л
Гишгэсэн газар бүхэн гоонь харцнууд унаад л
3дахь өдөр:
Чи инээгээд л инээх чинь хүртэл хөгжим мэт
Би бүх зүйлийг хайрладаг болчихсон
4дахь өдөр
Чи гэнэт огт танихгүй хүн мэт болчихсон
Харц чинь хүйтэн ,цантсан цонх мэт, (огт танихгүй ертөнц ?)
5дахь өдөр
Ганцаардал дунд бүх зүйл утгагүй хоосон (эм, олс, 9давхар)
6дахь өдөр:
Би чамд ямар хайртайгаа мэдсэн
Чиний үлдээсэн бүгдийг үзэн ядаж бас хайрласан
Би хэн вэ ?
7дахь өдөр
Харанхуйд гэрэл гялс хийх шиг
Нам гүмд хөгжим сонсогдох шиг
Үл мэдэгдэх нэгэн дотор минь амьдарч эхэлсэн
8дахь өдөр
Гэнэт зүрх сэтгэл дотроосоо чамайг олж харсан
Чи яг хуучин шигээ инээгээд л
9дахь өдөр
Чи дотоод ертөнцөд минь гоо нэгэн цэцэг болоод мөнхөрчихсөн
Тэнд “чиний инээж буй царай”, “хөтлөлцсөн гар”, ” уйлж буй би” үүрд амьдарна
2008 он Инчёон
үргэлжлэл бий ...
Өчигдөр унагасан
Өндөг гэдэг үг минь
Өнөөдрийн тэнгэрт шувуу болчихсон нисэж явсаныг
Шүүрч аваад
Шүлгийн дэвтэртээ хорьчихлоо
Цаг нь болохоор
Намар болохоор.........
Цагаан тэнгэрт тавьж нисгэнэ шувуу минь
2010.1сар Вичёон

Шувууны торонд хоригдогч шумуул
Шөнийн цонхонд дуртай
Бүүдгэр гэрлийн гялбааг сар гэдэгт итгэдэг
Гуниг нэвчсэн хоолойгоор эрх чөлөө гэж
Бүтэн шөнийн турш тор дүүрэн дуулдаг
Хананд өлгөөтэй цаасан шувуу
Шидэт үлгэрт итгэдэг
Хаалга онгойх бүрийд
Нандин хүсэлээ боддог
Сахиусан тэнгэрийг хүлээн тэсвэр алдахдаа
Хажууд буй ваартай цэцгийн зүг
Хачин гунигтай ширтээд үхлийн тухай мөрөөддөг
.

Би унтаа мэт сэрүүн мэт нойрноосоо сэрэхэд
Хөх намрын шаргал тэнгэр амгалан дүнхийнэ
Гашуун бүүр гашуун тэр шаналалт итгэлийн цэцгэнд
Ганцаараа би орчлон мартан дурласан байна
Би нээгдсэн мэт хаалттай мэт сэтгэлээ ярахад
Намрын гунигт дуу ниссээр орчлонгийн хоосонд шингэнэ
Нууц бүүр нууц гэрэл аялгуун зүгт
Нарнаас зугтан өөрийн дотроо төөрнөм
Би байгаа мэт байхгүй мэт өөрийгөө хайхад
Эвлүүлдэг тоглоом мэт тавилан минь тэнгэрийн аясаар эргэлдэнэ
Эвдэрсэн бүүр эвдэрсэн сэтгэлээ эвлүүлэн уйд автахад
Эрээд олдоогүй утга учир гэрийн минь үүдэнд өндийдөг
Би унтаж байгаа гэвэл та нар сэрүүн байна
Би сэрүүн байгаа гэвэл та нар унтаж байна
Сэрүүн унталт хоёрын хооронд
Сохор хараатай хоёрын ялгаа бий
Би явж байгаа гэвэл та нар нисэж байна
Би нисэж байгаа гэвэл та нар явж байгаа хүмүүсээ
Нисэх явах хоёрын хооронд тэнгэр газрын ялгаа бий
Би үхэж байгаа гэвэл та нар амьдарч байна
Би амьдарч байгаа гэвэл та нар үхэж байна
Үхэл амьдралын хооронд үнэн худлын үнэ цэнэ гэж бий
Үнэн гэж би бол худал гэж та нар
Худал гэж би бол үнэн гэж та нар
Үнэн худлыг би ч та нар ч шүүж чадахгүй
Үхлийн цаана үнэнийг минь шүү хүмүүс ээ


Өлгий авс хоёрын хоорондох агшин зуурын цаг мөчүүд
Өмчилсөн эс өмчилсөн эрх чөлөөт хоромууд
Гэрэлтэй гэрэлгүй үргэлжлэх бодлууд
Гэмгүй гэмтэй ард үлдэх мөрүүд
Бүгдийг нь март.....
Зүүд шиг маргааш үлгэр шиг өчигдрийг нэгэн жүнзэнд хундаглаад
Зөвхөн өнөөдрийн төлөө тогтооёо
Мэдэрхүйн сэрэлд чинь худал хуурмагыг өгсөн энэ хорвоо
Мэдсэн ч мэдээгүй ч биднийг бүгдийг хуурсан
Манан дунд төөрсөн хурга шиг бидний амьдралд
Магад амьд явах хүсэл минь сэрүүн байна
Мандтугай хуурамч амьдралын төлөө
Маргааш нар мандана гэж өөрсдийгөө хууран тогтооёо
Нар мандана хүмүүс сэрнэ
Үгүй бид мөнхийн нойронд автсан байна
Сар гийнэ сарны амьдрал эхэлнэ
Үгүй бид зүүдлэж байна энэ амьдрал биш
Мөнхийн мөнхөд биднийг хуурсан амьдралын төлөө
Мөнгө,өнгө өнөөдөр мандтугай гэж
Хундага өргөе

Бодлын алсаас гэрэл зууж ирсэн
Борхон шувуу цээжиндээ шархтай
Бохирон суухад бороо шаагих намрын төгөлд
Болзсон газраа хүлээх цаг хугацаа сарны тарни уншина
Хацрыг минь зөөлөн илэх тэр мэдрэмж
Харанхуйд уусан мартагдсаар
Хаа ч юм харсан тэр бүсгүйн дүр
Хуруундаа бөгжтэй зүүдэнд минь үзэгдэнэ
Хэлбэр дүрсгүй цаг хугацаанаас
Хэлбэр дүрс олон ажиглахуйд
Хэний ч амтлаагүй гунигыг одоо би амталж байна
Хүсэл хясалын дундаас хоосонг мэдрэх ийм л гайхамшиг ..

Зах нь сэмэрсэн ганц шаргал навч хийсээр ертөнцийн
                     гүнд унана
                           яруу найрагч санаа алдана
Зүрхний угт дусах ганц дусал нулимсны чимээ цуурайтна
                 яруу найрагч тэнгэрийн хажууд зогсоно
Зүхэл хараал инээд дунд ганц гэрэл сүүмийнэ
                 яруу найрагч гэгээ түгээн тэнүүлчилнэ
Залуу халуун гэрэлт насыг хөгшин хорвоо хөл доороо элээнэ
           яруу найрагч нулимсаа бүгээн сараар арчина
Зөрөөд өнгөрөх цаг хугацаа зогсон эргэн харахад
         яруу найрагч шүлгээ үлдээн тэнгэрт уусан шингэнэ
Хувь тавилан хэмээх гүүрэн дээр ганцаараа л зогсном
Хоёр зүгт минь бурхан чөтгөр хоёр хүлээн сууна
Хар цагаан гэрэл сүүдэрийн дайн дотор минь өрнөж
Халуун хүйтэн цаг хормуудаас сүнс минь уйдан гуниглана
Энэ бүхний эцэст эргээд л эхлэл юм гэж үү ?
Эргэлдэн хийсэх навч хаана унах юм бол ?
Эгшиглэн ............................
Эцэсийн эцэст надад намайг л орхи,тэр л үнэн
Хүсэл хясалын эргүүлэг дунд өөрийгөө л таньчихаад
Хамгийн сүүлчийн удаа өөрийнхөө ертөнцөд төөрөн шингэмээр л
Хамгийн чангаараа эрх чөлөө гэж өөртөө шивнэчихээд
Хавцалын ёроолруу өөртөө үнэнч чигээрээ нисмээр л
Тэнд л.........
.
Үхэл гарыг минь атгаад одоо явах уу?гэж асууж байна
Үгүй надад амьдрах хүсэл байна гэж би хариулав
Төгс бус хорвоод надаас илүү гайхамшиг байна уу ?( үхэл асуув)
Төгс төгөлдөрийг хүсэх хүсэл хүмүүст байна гэж би хариулав
Үхэл бодлогширч:
Тэгвэл чамд юу байна ?асуув
Тэргэл сарны гэрэл,чамайг таних хүсэл, “үнэн”гэдэг асуулт
Тэрсэлж явсан хорвоодоо хайрын цэцэг ургуулах хүсэл
Тэгээд л боллоо...
Үхэл цааш эргэн:
Үхнэ гэдэгээ бүү март шивнэв
Хаа нэгтээ буй төгс төгөлдөр итгэх итгэлээ
Хуудас цаасан дээр амьдруулчихаад
Бардам зүрх ,хүүхдийн сэтгэл гарт чинь атгуулья
Нар мандаж байна
Тамхины утаа суунаглах цэнгээний газарт царай чинь өнгө
                                                                             нэмнэ
Тансаг дарс шимэх уруулд чинь зуурхан жаргалуудын түүх
                                                                             дурайна
Таазаа хөдөлгөн бүжихэд чинь эрчүүд шунаг харцаараа
                                                                             чамайг үнсэж
Таван зоосны үнэтэй сэтгэлийг чинь нэг л шөнийн
                                                                   амтаар хэмжинэ
Уйтгараа үлдээсэн зочдын мөр чиний биеэр дурайж
Ухаангүй өнгөрүүлсэн шөнүүд өчигдрөөр чинь дүүрэн
Уйллаа гээд чи ямар нулимсны амт мэдэх биш
Уучиллаа гээд чи ямар уужуу сэтгэлийг мэдрэх биш
Хайрын тухай мэдэхгүй чамтай би хайр ярихгүй
Хамгийн сүүлчийн удаа нүцгэнээрээ тэвэрт минь багт
Харанхуй чимээгүй шөнийн тэнгэрийг
Халуун янаг дуугаараа надаа зориулж өнөөдөр л цочоо


Сүүлчийн зоосоо үдсэн хэтэвч минь хов хоосон
Соёлт хотын гудамжууд намайг танихаа болжээ
Сэтгэл сэргээх бодол ч үгүй итгэл ч үгүй
Санаа алдан шивнэхэд эзэнгүй хорвоо дүнхийнэ
Аяа тэнгэр минь юутай сайхан юм вэ?
Агшин зуур инээсэн хуурамч өнөөдөр үгүй
Аз жаргалаар хууран дуудах маргааш ч үгүй
Алдуурах хүсэл ч үгүй хов хоосон
Сүүлчийн зоосоо үдсэн хэтэвч минь хов хоосон
Сайхан хорвоогын хуурамч дүр арчигдах энэ л агшин
Салж хагацмааргүй уудам эрх чөлөө
Аяа амьдрал надад ийм эрх чөлөө амсуулж байлуудаа
Алган дээрх хорвоо минь хуучирч элэгдэнэ би ч мартагдана
Ахиад арван найман нас шигээ амьдралын захад зогсож чадахгүй
Лааны гэрэлд хатсан урсаж амжаагүй нулимас шиг
Сэтгэлийн ёроолд үлдсэн бичигдэж амжаагүй шүлэг шиг
би мартагдана
Аяа амьдрал ийм л гунигтай
Аянч хунг эцсийн удаа үдэх шиг залуу насаа би үднэ
Алагхан нүдний минь гал сарниж жавар хургана
Аяа амьдрал ийм л гунигтай
Нэрийг минь дууч он цагс хар хөнжилөөрөө бүтээж орхих
Нүцгэнээрээ үнэнд дөхөхийг хүсэхэд цаг хугацаа төөрүүлж хясах
Аяа амьдрал ийм л гунигтай
Амжиж далайн захад зогсож өчүүхэн хүн гэдэгээ мэдрэх
Амжиж Өглөөний нарыг харж шүүрс алдах
Амжиж гэрэлт хүмүүсийг амьдад нь хайрлах
Амжиж Навчсын бүүвэйн сэрж нүгэлт хорвоогоос уйдах
Аяа амьдрал ийм л гунигтай
Тэнгэрийн хязгаарт хүргэх жим өмнө минь харагдавч
Тэрүүгээр алхах хөл байвч хүсэл алга
Тайлагдашгүй агуу үнэн хадгалсан авдар урд минь байвч
Түлхүүр нь зөвхөн бурханд л бий
Одоо боллоо огт байхгүй юмыг хайх эрэлээ зогсооёо
Орчлонгоос тасарсан хүсэлээ нэг л удаа мартая
Ондоо нүдтэй тэр хүсэлээс минь ганцаардал амтагдахад
Одоо л дэргэд минь зовлон хань болон зогсоно ...
Үгүй ээ...
Би гэрэл гэгээнд дуртай
Уйтгар гиншсэн өнөөдөрт амт алгаа
Насаараа маргаашийн тухай бодохгүй бол юутай уйтай
Нар хүлээх энэ л хүсэл минь жаргал бас зовлон юм байна
Нэг л насаараа сарны гэрэлд дулаацах минь тавилан юм
байна
Одоо боллоо орчлонгын хэмнэлээр амьдарч чадашгүй нь
Огт байхгүй юмныхаа эрэлд гарья даа
Ай миний зүрхэнд дэлгэрсэн гунигын галт цэцэг минь
Мөнхийн цаг хугацаа санаа алдах торгон хоромд чи минь
______________________________________соёолж
Мөнгөн нулимсны дусалууд чамайг хур болгон тэтгэнэ
Мичид сансарын гэгээн илчинд чи минь дулаацаж
Мянган бодлын үзүүрт цоморлог чинь дэлгэрнэ
Ай гунигын галт цэцэг минь чи минь дэлгэрээрэй
Өнгө мөнгөний хорвоод шунаагүй хүсэлийн тухай
Өөртэй минь учируулах ганцаардалын хөгөөр
Өөр хэн ч дуулж амжаагүй аялгууг
Өглөөний нар шиг утга учир түгээн дуулан дэлгэрээрэй
Ай гунигын галт цэцэг минь чи минь дуулаарай
Миний эзгүйд
Мянган жил
Миний л өнгөөр дуулаарай ...
Сая сая ододын дунд хамгаас тод од нь би байсан
Сарны охин над дээр ирж ятга тоглож өгөхөд
Салхи зайдлан зугтаж мөнх зуныг зорисон
Саруул талын дунд нарны охин шүүдэр дэвсэн зогсход
Сэтгэл зүрхээ цэцэг болгон улан доор нь дэвссэн
Тэглээ гээд нарны охин нэг л гишгэчихээд
Тэнгэрээ зорин эргэж ч харалгүй одсон
Тэнэглэл бардамнагал минь нулимас болон урсахад
шаргал навч болон хувираад
Тэртээх нуурын мандалд хийсэн унасан
Тэнд би ганцаараа цурхиран уйлахад оддын дүрснүүд шоолон инээдэг байсан
Төөрүүлж орхисон сарны охин минь ирж ятгаа тоглож
_______________________________________өгөхөд
Тэсгим хүйтнийг үдсэн хаврын яргуй болж дахин дэлгэрсэн
Одоо би нарны охин мөнх зунд итгэхээ больсон
Орчлонг чимдэг хаврын цэцэг болсон
Оногдсон гэсгээл минь төгсөж шинэ бүхэн эхлэхэд
Од болон хувирч сарны охины дэргэд очино

Надруу харж бүү инээ инээд чинь намайг алж байна
Нарны тарнитай инээд чинь сарны гэгээтэй тавиланг
___________________________минь мартуулж байна
Зүрхэн дотор цангинах инээд чинь
Зүйдэлгүй тэнгэрийн бэлчирээс хүсэлийг минь газарт
_______________________________унагааж байна
Үгүй ээ надруу харж бүү инээ
Энгэрт минь амьдрах үнэнг хүсэх хүсэл минь
Инээдийн чинь тоогоор эмтэрэн бутарч байна
Чиний инээд бурханых ч биш чөтгөрийх ч биш хүнийх
Эгэл амьдралын гудамжинд төөрүүлэх урхи занга
Надруу харж бүү инээ инээд чинь намайг алж байна
Дэндүү үнэтэй инээдийн чинь дэргэд
Дөхөж би дулаацмааргүй байна
Далд бүхний цаана нам гүмхэн бодолд дарагдан суумаар
_______________________________байна
Дүүлж нисэх тэнгэртээ цуурай болж шингэмээр байна
Надруу харж бүү инээ инээд чинь намайг алж байна

Ассан асаагүй лаанууд
______Сарны дөлт лаанууд гоо гэрэл түгээнэ
Ассан асаагүй лаанууд
______Тодоос тод гэрэлт лаа хамгийн түрүүнд бөхнө
Ассан асаагүй лаанууд
______Асаагүй үл асах лаанууд дэндүү олон
Ассан асаагүй лаанууд
______Аниргүй мөнхийн харанхуй дүнхийнэ

Хуучин дэнлүү эцсийн удаа асах шиг тийм тод сартай би
__________________________хонолоо
Хөгжимийн тайлшгүй хэлээр хүүрнэх тийм яруухан
__________________________сартай би хонолоо
Хүсэлийнхээ тухай нулимасаараа бичсэн шүлэг шиг тийм
__________________________өнчин сартай би хонолоо
Хорвоогийн нүгэлийг нимгэлэх шидтэй тийм гэгээхэн
__________________________сартай би хонолоо
Дарс амтлаг дурлал шиг халуухан
Дуу шиг уянгалаг модод шиг дүнсгэр
Цэцэг шиг үзэсгэлэнтэй цас шиг цагаахан
Шүүдэр шиг тунгалаг шүлэг шиг ариухан
Тийм л сар дэргэд минь ирж хонолоо
Нулимас шиг шорвог зовлон шиг үнэнч
Нар шиг утга учиртай намар шиг дотно
Салхи шиг тэнүүлч сэтгэл шиг гүнзгий
Ганцаардал шиг эрх чөлөөт гуниг шиг гэгээхэн
Тийм л сар дэргэд минь ирж хонолоо
Үнэн шиг нууц үхэл шиг тод
Үйл шиг минь дагалдах бодол шиг ёроолгүй
Төөрөг шиг минь зурагдсан
Бурхан шиг тайлагдашгүй
Тийм л сар дэргэд минь ирж хонолоо
Хуучин дэнлүү эцсийн удаа асах шиг тийм тод сартай би
__________________________хонолоо
Хөгжимийн тайлшгүй хэлээр хүүрнэх тийм яруухан
__________________________сартай би хонолоо
Хүсэлийнхээ тухай нулимсаараа бичсэн шүлэг шиг тийм
__________________________өнчин сартай би хонолоо
Хорвоогийн нүгэлийг нимгэлэх шидтэй тийм гэгээхэн
__________________________сартай би хонолоо
Шөнө бид хоёр чим чимээгүй өөд өөдөөсөө харахад
Уудам эрх чөлөө миний мэдэлд ирдэг
Шөнө бид хоёр мянган оньсого таалцаж суухад
Далд ертөнцийн улаач ирж чихэнд минь үг шивнэдэг
Шөнө бид хоёр нарыг хүлээж гуниглаж зогсоход
Цаг хугацаа зогсож ододын гэрлийг надад бэлэглэдэг
Шөнө бид хоёр гэрэлт мөрөөдөлөө хуваалцан хуучилахад
Түмэн маргааш цуглаад бидний яриаг чагнан суудаг