
Зах нь сэмэрсэн ганц шаргал навч хийсээр ертөнцийн
гүнд унана
яруу найрагч санаа алдана
Зүрхний угт дусах ганц дусал нулимсны чимээ цуурайтна
  яруу найрагч тэнгэрийн хажууд зогсоно
Зүхэл хараал инээд дунд ганц гэрэл сүүмийнэ
  яруу найрагч гэгээ түгээн тэнүүлчилнэ
Залуу халуун гэрэлт насыг хөгшин хорвоо хөл доороо элээнэ
яруу найрагч нулимсаа бүгээн сараар арчина
Зөрөөд өнгөрөх цаг хугацаа зогсон эргэн харахад
  яруу найрагч шүлгээ үлдээн тэнгэрт уусан шингэнэ
Хувь тавилан хэмээх гүүрэн дээр ганцаараа л зогсном
Хоёр зүгт минь бурхан чөтгөр хоёр хүлээн сууна
Хар цагаан гэрэл сүүдэрийн дайн дотор минь өрнөж
Халуун хүйтэн цаг хормуудаас сүнс минь уйдан гуниглана
Энэ бүхний эцэст эргээд л эхлэл юм гэж үү ?
Эргэлдэн хийсэх навч хаана унах юм бол ?
Эгшиглэн ............................
Эцэсийн эцэст надад намайг л орхи,тэр л үнэн
Хүсэл хясалын эргүүлэг дунд өөрийгөө л таньчихаад
Хамгийн сүүлчийн удаа өөрийнхөө ертөнцөд төөрөн шингэмээр л
Хамгийн чангаараа эрх чөлөө гэж өөртөө шивнэчихээд
Хавцалын ёроолруу өөртөө үнэнч чигээрээ нисмээр л
Тэнд л.........
Үхэл гарыг минь атгаад одоо явах уу?гэж асууж байна
Үгүй надад амьдрах хүсэл байна гэж би хариулав
Төгс бус хорвоод надаас илүү гайхамшиг байна уу ?( үхэл асуув)
Төгс төгөлдөрийг хүсэх хүсэл хүмүүст байна гэж би хариулав
Үхэл бодлогширч:
Тэгвэл чамд юу байна ?асуув
Тэргэл сарны гэрэл,чамайг таних хүсэл, “үнэн”гэдэг асуулт
Тэрсэлж явсан хорвоодоо хайрын цэцэг ургуулах хүсэл
Тэгээд л боллоо...
Үхэл цааш эргэн:
Үхнэ гэдэгээ бүү март шивнэв
Хаа нэгтээ буй төгс төгөлдөр итгэх итгэлээ
Хуудас цаасан дээр амьдруулчихаад
Бардам зүрх ,хүүхдийн сэтгэл гарт чинь атгуулья
Нар мандаж байна
Тамхины утаа суунаглах цэнгээний газарт царай чинь өнгө
нэмнэ
Тансаг дарс шимэх уруулд чинь зуурхан жаргалуудын түүх
дурайна
Таазаа хөдөлгөн бүжихэд чинь эрчүүд шунаг харцаараа
чамайг үнсэж
Таван зоосны үнэтэй сэтгэлийг чинь нэг л шөнийн
амтаар хэмжинэ
Уйтгараа үлдээсэн зочдын мөр чиний биеэр дурайж
Ухаангүй өнгөрүүлсэн шөнүүд өчигдрөөр чинь дүүрэн
Уйллаа гээд чи ямар нулимсны амт мэдэх биш
Уучиллаа гээд чи ямар уужуу сэтгэлийг мэдрэх биш
Хайрын тухай мэдэхгүй чамтай би хайр ярихгүй
Хамгийн сүүлчийн удаа нүцгэнээрээ тэвэрт минь багт
Харанхуй чимээгүй шөнийн тэнгэрийг
Халуун янаг дуугаараа надаа зориулж өнөөдөр л цочоо

Сүүлчийн зоосоо үдсэн хэтэвч минь хов хоосон
Соёлт хотын гудамжууд намайг танихаа болжээ
Сэтгэл сэргээх бодол ч үгүй итгэл ч үгүй
Санаа алдан шивнэхэд эзэнгүй хорвоо дүнхийнэ
Аяа тэнгэр минь юутай сайхан юм вэ?
Агшин зуур инээсэн хуурамч өнөөдөр үгүй
Аз жаргалаар хууран дуудах маргааш ч үгүй
Алдуурах хүсэл ч үгүй хов хоосон
Сүүлчийн зоосоо үдсэн хэтэвч минь хов хоосон
Сайхан хорвоогын хуурамч дүр арчигдах энэ л агшин
Салж хагацмааргүй уудам эрх чөлөө
Аяа амьдрал надад ийм эрх чөлөө амсуулж байлуудаа
Тэнгэр инээмсэглээд
Шувуудын барааг залгив
Намар сэрнэ
---------------------------------
Цагаахан цасан доороос
Гоо гуниг өндийнө
Хавар болчихож
--------------------------------
Мөсний зулайг
Гараараа илэхэд
Сэтгэл даарна
-----------------------------------
Харанхуй дундаас
Хэн нэгэн хашгирахад
Залуу нас минь сэрлээ
--------------------------------
Нүдэн дотор чинь
Ганц хун уйлна
Чи даанч мэдэхгүй
----------------------------------
Энд юу ч алга
Ядаж нулимс ч алга
Цаг хугацаа бүгдийг арчихаж ...
----------------------------------------------------------------------
Алган дээрх хорвоо минь хуучирч элэгдэнэ би ч мартагдана
Ахиад арван найман нас шигээ амьдралын захад зогсож чадахгүй
Лааны гэрэлд хатсан урсаж амжаагүй нулимас шиг
Сэтгэлийн ёроолд үлдсэн бичигдэж амжаагүй шүлэг шиг
би мартагдана
Аяа амьдрал ийм л гунигтай
Аянч хунг эцсийн удаа үдэх шиг залуу насаа би үднэ
Алагхан нүдний минь гал сарниж жавар хургана
Аяа амьдрал ийм л гунигтай
Нэрийг минь дууч он цагс хар хөнжилөөрөө бүтээж орхих
Нүцгэнээрээ үнэнд дөхөхийг хүсэхэд цаг хугацаа төөрүүлж хясах
Аяа амьдрал ийм л гунигтай
Амжиж далайн захад зогсож өчүүхэн хүн гэдэгээ мэдрэх
Амжиж Өглөөний нарыг харж шүүрс алдах
Амжиж гэрэлт хүмүүсийг амьдад нь хайрлах
Амжиж Навчсын бүүвэйн сэрж нүгэлт хорвоогоос уйдах
Аяа амьдрал ийм л гунигтай