Гэрийн минь гадаах
Чулуун далай
Хүйтнээр инээнэ
...................................
Хөшиг нээхэд
Ахиад л хөшиг
Би ийм л бузар
............................
Нүд дүүрэн нүгэл
Толин дотроос ширтлээ
Цочсондоо би ........................
.........................................

Сандал дээр гишгээд
Гэрэл өөд сарвайна
Одоо цаг
.........................................
Шумуул
Шувууны торноос мултрав
Эрх чөлөө хаана байна ?
..............................................
Нүцгэн шөнө
Нүгэлгүй нүдээр
Гүн ширтэнэ
Labels: 0 comments |
Бурханы урласан жаазтай зураг цээжин дотор минь өлгөөтэй
Бүдэгхэн гэрэлтэй нимгэн шаргал хүрээтэй
Нилд нь цэнхрээр будсан яг голд нь улаан цэг
Би түүнийг далай ба тэнгэр гэж боддог ч
Зураг минь өөрийгөө хос тэнгэр гэж хэлсэн
(Голд нь буй улаан цэгт хамаг учир нь байдаг мэт)
Улаан цэг..???
Хүмүүс түүнийг янз бүрээр нэрлэдэг
Хүүхэд сэтгэл, там ба диваажин, нүд ба хос далавч, 666 гэх мэт...
Харин би түүдэг гал ба асуулт гэж нэрлээд дотор нь амьдардаг
Бурханы зурсан асуулт цээжин дотор минь өлгөөтэй
...........................................................................................................................
Өчигдөр унагасан
Өндөг гэдэг үг минь
Өнөөдрийн тэнгэрт шувуу болчихсон нисэж явсаныг
Шүүрч аваад
Шүлгийн дэвтэртээ хорьчихлоо
Цаг нь болохоор
Намар болохоор.........
Цагаан тэнгэрт тавьж нисгэнэ шувуу минь
2010.1сар Вичёон

Шувууны торонд хоригдогч шумуул
Шөнийн цонхонд дуртай
Бүүдгэр гэрлийн гялбааг сар гэдэгт итгэдэг
Гуниг нэвчсэн хоолойгоор эрх чөлөө гэж
Бүтэн шөнийн турш тор дүүрэн дуулдаг
Хананд өлгөөтэй цаасан шувуу
Шидэт үлгэрт итгэдэг
Хаалга онгойх бүрийд
Нандин хүсэлээ боддог
Сахиусан тэнгэрийг хүлээн тэсвэр алдахдаа
Хажууд буй ваартай цэцгийн зүг
Хачин гунигтай ширтээд үхлийн тухай мөрөөддөг