Би намрын тэнгэрт хоригдон амьдарсан шувуу
Биелэшгүй бүхнээр хүсэл болгон амьдарч
Билгийн гэгээг дотроосоо тэмтчин бэтгэрч
Бүүдгэр тэнгэрийн хоосоноос өөрийгөө хайсан шувуу
Би намрын тэнгэрт хорогдон амьдарсан шувуу
Нуурын мандалд дэлбээлсэн цэцгийн гэгээнд сатаарч
Нууцхан эгшиглэх гунигт аялгуунд уярч
Шаналал үл танигдах өнгийн орныг зорилгүй
Шүүдрэн уянгат шаргал тэнгэрт хорогдон амьдрах шувуу
Би намрын тэнгэрт дүүлж амьдрах шувуу
Бүлээхэн бодлоор жихүүн жаврыг үргээж
Буйдхан эргэх аниргүй хорвоог
Битүүхэн жиргээгээр хөглөж
Бэлгүй тойрох цагийн салхитай наадсаар
Би намрын тэнгэрт бардам халих шувуу
чимээгүй оршино номноос 2006

Цаг хугацаанаас
Алгаа дэлгэхэд нисэн одох гэрэлт шувууг атган хоцорном
Цаг хугацаанаас
Усны мандал дахь өнчин сар санаа алдахад цэцэг дэлбээлэхийг үзнэм
Цаг хугацаанаас
Шаргал өвсний уйлалдаан огторгуйд цуурайтахыг сонсном
Цаг хугацаанаас
Асуухад минь асуултаар хариулах дуугүй бурханыг олж ярилцнам
Цаг хугацаанаас................2008.2сар seul