.

Би унтаа мэт сэрүүн мэт нойрноосоо сэрэхэд
Хөх намрын шаргал тэнгэр амгалан дүнхийнэ
Гашуун бүүр гашуун тэр шаналалт итгэлийн цэцгэнд
Ганцаараа би орчлон мартан дурласан байна
Би нээгдсэн мэт хаалттай мэт сэтгэлээ ярахад
Намрын гунигт дуу ниссээр орчлонгийн хоосонд шингэнэ
Нууц бүүр нууц гэрэл аялгуун зүгт
Нарнаас зугтан өөрийн дотроо төөрнөм
Би байгаа мэт байхгүй мэт өөрийгөө хайхад
Эвлүүлдэг тоглоом мэт тавилан минь тэнгэрийн аясаар эргэлдэнэ
Эвдэрсэн бүүр эвдэрсэн сэтгэлээ эвлүүлэн уйд автахад
Эрээд олдоогүй утга учир гэрийн минь үүдэнд өндийдөг


Хайртай гэдэг үгийг би
Хүлээлт гэж ойлгосон
Би чамайг хүлээсэн …..
Хүлээх хүлээхдээ..
Хүн чулуу мэт нарны гэрлийг нулимсаараа хэмжин хүлээсэн
Хүлээх хүлээхдээ ..
Хөх тэнгэрийн өнгийг гундуулж
Хүн нуурын усыг ширгээж хүлээсэн
Хүлээх хүлээхдээ ..
Өдөр шөнийг эд эсээрээ мэдэрч
Өнчин сар шаргал нарыг нүдээрээ манаж хүлээсэн
Хүлээлт гэдэг үгийг би хайр гэж ойлгосон
Би чамайг хайрласан
Хайрлах хайрлахдаа
Хаврын шувуудын бараанаас зүсээ бууруулж
Харзны хүйтэнд зүрхээ дүрж хайрласан
Хайрлах хайрлахдаа
Энгэрт минь байгаа бүх л зүйлээ
Элсний ширхэг болгоод гараасаа асгаж хайрласан
Би
Цэцэг мэт дэлгэрээд намрын өвс мэт хагдарахад
Чи
Эрвээхэй мэт орхин нисээд сэтгэл дотор минь шарх болоод нуугдчихсан
Хайртай гэдэг үгийг би
Хүлээлт гэж ойлгосон
Би хүлээсэн
Хүлээлт гэдэг үгийг би
Хайр гэж ойлгосон
Би чамайг хайрласан


Хархан нүдний чинь толинд өөрийгөө ширтэн зогсоход
Ханхай цээж минь амь орж чинийх мэт болмуй
Гэрэлд шатах эрвээхэй мэт нүдэн дотор чинь орж шатаад
Гил шөнийн зүүдээ хүртэл чиний нүдээр дүүргэсэн
Нүдээрээ чи сэтгэлийг минь нэгжин ширтэхүйд
Нүгэлээ нуугаад чамд л анх дурласан гэж хэлмээр
Нүд чинь надад намайг мартуулна бас сануулна
Нөмгөн модод шиг тийм гунигтай тийм гоо үзэсгэлэнтэй

Зөвхөн нэрийг чинь сонсоход шүлэг мэт сонсогддог
би чамд тийм л хайртай
Зүүдээ манахад чи ирвэл мөнхөд сэрэхийг хүсдэггүй
би чамд тийм л хайртай
Зөн совин муугаар татахад хамгаас түрүүнд чамд зовнидог
би чамд тийм л хайртай
Зөөлөн амьсгаа чинь чихэнд шүргэхэд хорвоог мартдаг
би чамд тийм л хайртай
Хэн нэгний гар хацарыг чинь иллээ гэж зүүдлээд сэрээд зүүд байсанд
баярладаг
би чамд тийм л хайртай
Хэзээ ч би чиний дэргэд байж чадна гэж үнэнээсээ амалдаг
би чамд тийм л хайртай
Халуун нулимсыг чинь гараараа нь биш зүрхээрээ арчдаг
би чамд тийм л хайртай
Хайргүй гэдэгийг чинь мэдсээр байж хүлээн суудаг
би чамд тийм л хайртай

Амжиж хэлж чадаагүй үгээ араас чинь харж өөртөө шивнэчихээд
Арван найман нас шигээ ахиад л нэг гуниж үзсэн
Алганы хонхорхойд нулимсаа тогтоон зогсохдоо
Алаг нүдэнд чинь зовлон бүү тогтоосой гэж бурханд би залбирсан
Цэцэг соёлсон харцыг чинь үгээрээ урлаж
Цээжний гүн дэх шархаа мөнхийн болгоод хадгалсан
Цаг хугацаанд би итгээгүй чамайг мартахыг хүсээгүй юм
Цасны түрүүнд ирэх шувуу шиг дууч зүрхэндээ хөг болгоод нуучихсан
Харваад өнгөрсөн од мэт чамайг цаг хугацаанаас харамлахдаа
Хамаг сэтгэлээ уйтгар гунигаар дүүргэчихсэн
Хагацахын цагт өөртөө шивнэсэн үгээ
Намайг мартахын цагт чангаар чамд дуулгах гэж
Намрын хөх тэнгэрт шувуу болгоод нисгэчихсэн

Чи минь яагаад шувуу болоод нисчихэв ээ ?
Чиглээд ниссэн тэнгэр чинь жаргалтай харагдав уу?
Чамд тоглосон хайрын минь аялгуу уйтай санагдав уу ?
Чанга тэврээд шивнэсэн үгс чинь хаврын салхинд хийсчихэв үү?
Чамд зориулсон шүлгүүд минь тоосонд дарагдсан дэлбээ мэт өнгө алдана
Чилсэн зүрх минь чиний хойно сүрэгээсээ төөрсөн ангир мэт гуниглана
Чиний тулгасан чамгүй хорвоод утга учир минь сүрэглэн одоход
Чанадын хол чиний бараа хоосонтой нөхцөн үгүй болмуй
Гэлээ ....
Чимээгүй л одсон чиний хойноос
Чилсэн зүрхэндээ уянга татуулсаар
Орь ганцаардлаар давалсан нулимсан нуураар хань хийсэн
Оройд нь гэгээ татсан уул болж хоцорлоо
.

Алгаа дэлгэхэд зүүдний мянган шувуу чиний зүг одно
Аяархан санаа алдахад салхи хүртэл чиний нэрээр дуудах шиг
Айсуй дурлалын чимээнд унтаа бүхэн амь ороход
Анир чагнагч сэтгэл минь атганд чинь багтахаар жижгэрсэн байна
Хаа сайгүй чиний дүр гуниг төрүүлэн тодроход
Хайрын нулимс минь шүлэг болон ард чинь дусална
Харцан дахь зовлонгоо нуун чиний зүг харахад
Хэн нэгэнд өгсөн хайр чинь манаач мэт хуруунд чинь гэрэлтэнэ