Би унтаж байгаа гэвэл та нар сэрүүн байна
Би сэрүүн байгаа гэвэл та нар унтаж байна
Сэрүүн унталт хоёрын хооронд
Сохор хараатай хоёрын ялгаа бий
Би явж байгаа гэвэл та нар нисэж байна
Би нисэж байгаа гэвэл та нар явж байгаа хүмүүсээ
Нисэх явах хоёрын хооронд тэнгэр газрын ялгаа бий
Би үхэж байгаа гэвэл та нар амьдарч байна
Би амьдарч байгаа гэвэл та нар үхэж байна
Үхэл амьдралын хооронд үнэн худлын үнэ цэнэ гэж бий
Үнэн гэж би бол худал гэж та нар
Худал гэж би бол үнэн гэж та нар
Үнэн худлыг би ч та нар ч шүүж чадахгүй
Үхлийн цаана үнэнийг минь шүү хүмүүс ээ


Өлгий авс хоёрын хоорондох агшин зуурын цаг мөчүүд
Өмчилсөн эс өмчилсөн эрх чөлөөт хоромууд
Гэрэлтэй гэрэлгүй үргэлжлэх бодлууд
Гэмгүй гэмтэй ард үлдэх мөрүүд
Бүгдийг нь март.....
Зүүд шиг маргааш үлгэр шиг өчигдрийг нэгэн жүнзэнд хундаглаад
Зөвхөн өнөөдрийн төлөө тогтооёо
Мэдэрхүйн сэрэлд чинь худал хуурмагыг өгсөн энэ хорвоо
Мэдсэн ч мэдээгүй ч биднийг бүгдийг хуурсан
Манан дунд төөрсөн хурга шиг бидний амьдралд
Магад амьд явах хүсэл минь сэрүүн байна
Мандтугай хуурамч амьдралын төлөө
Маргааш нар мандана гэж өөрсдийгөө хууран тогтооёо
Нар мандана хүмүүс сэрнэ
Үгүй бид мөнхийн нойронд автсан байна
Сар гийнэ сарны амьдрал эхэлнэ
Үгүй бид зүүдлэж байна энэ амьдрал биш
Мөнхийн мөнхөд биднийг хуурсан амьдралын төлөө
Мөнгө,өнгө өнөөдөр мандтугай гэж
Хундага өргөе

Бодлын алсаас гэрэл зууж ирсэн
Борхон шувуу цээжиндээ шархтай
Бохирон суухад бороо шаагих намрын төгөлд
Болзсон газраа хүлээх цаг хугацаа сарны тарни уншина
Хацрыг минь зөөлөн илэх тэр мэдрэмж
Харанхуйд уусан мартагдсаар
Хаа ч юм харсан тэр бүсгүйн дүр
Хуруундаа бөгжтэй зүүдэнд минь үзэгдэнэ
Хэлбэр дүрсгүй цаг хугацаанаас
Хэлбэр дүрс олон ажиглахуйд
Хэний ч амтлаагүй гунигыг одоо би амталж байна
Хүсэл хясалын дундаас хоосонг мэдрэх ийм л гайхамшиг ..

Зах нь сэмэрсэн ганц шаргал навч хийсээр ертөнцийн
                     гүнд унана
                           яруу найрагч санаа алдана
Зүрхний угт дусах ганц дусал нулимсны чимээ цуурайтна
                 яруу найрагч тэнгэрийн хажууд зогсоно
Зүхэл хараал инээд дунд ганц гэрэл сүүмийнэ
                 яруу найрагч гэгээ түгээн тэнүүлчилнэ
Залуу халуун гэрэлт насыг хөгшин хорвоо хөл доороо элээнэ
           яруу найрагч нулимсаа бүгээн сараар арчина
Зөрөөд өнгөрөх цаг хугацаа зогсон эргэн харахад
         яруу найрагч шүлгээ үлдээн тэнгэрт уусан шингэнэ