Өндөр өндөр шилэн байшингуудын үзүүрийг нарны туяа илбэх тэр агшинд , шилэн барилгууд туйлын өнгө нэмж солонгорон харагддаг бөгөөд яг л энэ агшинд төрөлх хотод минь өглөө эхэлж хоромхон зуур хүн машинаар дүүрч орхидог юм Энд тэндгүй машин чигналдах , метроны түжигнэх чимээ , хотын аль өндөр хэсэгт зоосон телевизорууд бас нөгөө залхмаар сурталчилгаагаа явуулж утсаар чанга чанга ярих хүмүүсийн дуу гээд эргэн тойронд сонсогдох янз бүрийн чимээгээр дүүрэн . Магадгүй төрөлх хотод минь анх зочилсон фермер энэ дуу чимээг сонсоод нөгөө ертөнцруу явчихаж мэднэ Харин миний хувьд бол энэ хотынхоо дуу чимээнд дэндүү дассаны дээр,Энэ дуу чимээг би хот газрын симфони гэж хошигнон нэрлэдэг билээ.Янз бүрийн хэмнэлээр алхах хүмүүсийн дунд би аль болох яаралгүйхэн алхахыг хичээн явах бөгөөд урьд минь алхах хүмүүсийн нурууруу ширтэж ямаршуу царайтай хүн бол хэмээн тааж ядан дотроо төсөөлөн алхаж явах дуртай. Яагаад гэдгийг нь бүү мэд? Гэнэт нүдний өмнө улаан өнгө цухас хийгээд алга болов . Сайтар эрэн харваас урдхан талд минь алхах нэгэн гоолиг эр баглаатай цэцэг барин алхаж яваа үзэгдэв .
-Энэ өглөө хэнд өгөх гэж авч яваа юм бол ? гэж гайхан бодсон ч
,Ховсдуулсан мэт алхаагаа хурдасган дэргэд нь очин сэмхэн ажиглахад , жирийн нэгэн сарнай цэцэг байлаа .
Урам минь хугарсан ч заавал олнодоо гэж амандаа шивнээд , цэцгийн тухай бодолд дарагдан цааш алхлаа
_Өглөөний мэнд эрхэм ээ гэх зөөлөн дуугаар албан газрын үүдэнд ирснээ мэдэж бодол минь тасарлаа
Хариу мэнд мэдэн босго даван зугуухан алхсаар өөрийн албан тасалгааны үүдийг онгойлгож дотогшоо ороход ажлын өглөө болгон намайг угтдаг хананы том цаг чаг чаг хийн угтлаа. Тийм ээ цаг бол мөнгө хэмээх хууль манай хотод манай албан газарт бүүр миний амьдралд үйлчилдэг билээ Магадгүй нэгэн үе миний хамгийн хүндэлдэг хүн байсан захирлын минь хувьд чаг чаг хийх цагны дуу мөнгөний жингэнэсэн дуу мэт сонсогддог байж магад....Гэвч би тэр хачин цэцгийг харсан цагаас хойш цагийг арай өөрөөр харж арай өөрөөр амьдрахыг хичээдэг болсон юм
Хэдэн жилийн өмнө санхүүгийн хэлтсийг удирдан ажиллаж байх тэр манайхны дунд шуугиан болсон тэр цэцгийг би хамгийн түрүүнд харсан байх гэж заримдаа боддог юм
Тэр нэгэн бороогоор угтсан өглөө албан газрынхаа үүдэнд шүхрээ сэгсрээд зогсож байх тэр мөчид , яагаад ч юм нүдний буланд танил бус улаан өнгө туслаа . Гайхсхийгээд ахиулан харахад хүний хөлнөөс зайдуухан нэг нялх цэцэг нүдний өмнө зурааж билээ.
Тэр мөчөөс эхлэн албан газартаа ирэхэд минь мэндлэн угтдаг Скот өвгөнтэй хамт тэр цэцэг угтдаг боллоо Анх тоомжиргүй харцны минь өмнө тэр цэцэг өдрөөс
өдөр улам том болоод байгаа юм шиг санагддагсан . Тэгтэл нэг өдөр үдийн цайны дараах хагас цагын амралтаар манай хүүхнүүд их л чухал бололтой нэгэн зүйлийн тухай ярилцаж бүгд л тэр зүйлийг сонсохоор ойртон зогссон харагдана Уул нь энэ хагас цагын амралтаар манай хүүхнүүд танил болсон нөгөө л залхмаар яриагаа өрнүүлж суудагсан . Энэ тэндхийн хов жив шинэ хэв загвар моодны тухай гээд бас хаа хамаагүй хүний хувийн амьдралруу хошуу дүрэх тэдний яриаг би үзэн яддаг байсан юм Тэр үед би цонхруу ширтэн одоогийн албан тушаалаа мөрөөдөн хэзээ тэр зөөлөн сандал дээр суух бол гэсэн хамгийн амттай бодолдоо дарагдан суудагсан .Тэгтэл өнөөдөр хүүхнүүд минь нэг өөр зүйлийн тухай ярилцаж байлаа. Бүгд л тийшээ анхаарлаа хандуулж өөр өөрсдийн хошуугаа нэмэрлэж байлаа . Чимээгүй алхсаар дэргэд нь очин чагнаваас : Албан газрын минь үүдэнд нэгэн хачин цэцэг ургасан тухай ,мөн тэр цэцэгийг эелдэг Скот өвгөн халамжилан асарч торддог тухай , тэр ямар нэртэй цэцэг болохыг таацгааж нэр өгцгөөх аж . Эд ч бас тэр цэцгийг анзаарчээ гэж бодохын чацуу ,Яагаад ч юм Скот өвгөний эелдэг царай санаанд минь бууж ирлээ . Гүнзгий үрчилээстэй нүүрэндээ гэгээ татуулан мишээдэг тэр өвгөн нэг л ер бусын санагддаг юм . Аргил хоолойгоор өглөөний мэнд хүргэх Скот өвгөнтэй би их хүйтнээр мэндэлдэг ч . Тэр өвгөний аргил эелдэг хоолой надад нэг л сайхан мэдрэмж төрүүлдэг байсансан . Харин тэр өвгөн цэцэг хоёрыг өнөөдрийн ярианы гол баатар болно гэж бодож явсангүй. Скот өвгөн гэж .... Зарим хүн түүнийг тэнгэрийн элч шиг хүн гэж ярихыг сонсоод миний инээд хүрдэгсэн .
Цэцгийн тухай яриагаар дүүрсэн тэр өдрөөс хойш ээлжит улиралын тайлан болж ,манайхан ажилдаа дарагдсан завгүйчүүд болон хувирч нэг л мэдэхэд цэцгийн тухай бүгд л зүгээр л мартаж орхисон байлаа.
Тэгтэл нэг өглөө бүр их сонин явдал боллоо . Аажуухан алхсаар албан газрын үүдрүү дөхөж явтал яагаад ч юм нэг л өөр шинэ юм нэмэгдсэн юм шиг санагдлаа
Юу юм болдоо ? гэж гайхсаар тэр үл таних зүйлрүү дөхөж очоод нүднийхээ булангаар сэм хартал : Олний хөлөөс зайдуухан энэ л миний орчин гэсэн шиг өндийсөн нөгөө хачин цэцэг бас тойруулаад нэг аятайхан хашаа шиг юм барьжээ Анх харсан нөгөө цэцэг шиг юм биш болжээ . Урд өмнө хэзээ ч харж байгаагүй тийм сайханаар дэлгэрсэн тийм гайхамшигт
цэцэг болжээ Хараад ханашгүй гоо бүсгүй шиг .....
Би илбэдүүлсэн юм шиг нүдээ салгаж чадахгүй тэр цэцгийг харж байгаагаа өөрөө ч мэдсэнгүй хэр зэрэг хугацаа өнгөрсөнийг ч мэдсэнгүй
Гэнэт ард хүний хоолой засах дуу гарах шиг :
Эргээд хартал Скот өвгөн нөгөө л сайхан инээсэн нүдээрээ намайг харан зогсож байлаа .
-Өглөөний мэнд ноён Билл ?
-Сайхан зүйл байна уу ? бурханы сонгодог бүтээл гэж үүнийг хэлэх байхдаа гээд өнөөх ер бусын хоолойгоороо цэцэгрүү ширтэн өгүүллээ
Би үл тоосон дүр үзүүлэхийг хичээж чимээгүй толгой дохиод , Тэр жижигхэн хайсийг гайхан харахад
- Аан тийм танд хэлэхээ мартчихаж даргийн тушаал, Энэ цэцэг бас даргийг минь бас илбэдсэн бололтой гээд хөгжилтэй аргагүй өгүүллээ .
Энэ хариулт миний гайхалыг төрүүлж үл итгэсэн харцаар Скот өвгөнийг харахад үрчилээ гүн тогтсон нүүрэндээ инээмсэглэл тодруулан цэцэгрүү ширтэх өвгөнд тоглосон шинж огт алга
Итгэмээргүй юм гэх бодол төрөхийн хажуугаар даргын минь ажил хэрэгч төрх санаанд бууж ирлээ Тийм ээ дарга маань энэ дэлхийн ажил хэрэгч хүмүүсийн нэг, Цаг бол мөнгө гэж үргэлж хэлж явдаг үг нь ч Манай ороны шилдэг компанийг бүтээн босгосон олон жилийн хөдөлмөр нь ч үүнийг нотолно Миний бодлоор бол бүүр төрөлхийн ажил хэрэгч хүн болон төрсөн юм шиг санагддаг юм. Харин үе үе хамгийн сайхан цэцэгийн баглаа бэлдэж очидог нууц амрагынх нь тухай надаас өөр хэн мэдэхгүй гэж бодохоор тун удахгүй би албан тушаал ахих юм шиг санагддаг юм. Харин тэр цэцэгний явдалаас хойш миний даргыг хүндэлдэг хүндлэл үгүй болж цаг бол алт гэдэг үгийг үзэн яддаг болсон юм .
Нэгэн өглөө ажилдаа иртэл нөгөө бурханы хоолойт Скот өвгөн ч үгүй цэцэг үгүй хоосон хайс эль хуль үүд намайг угтлаа. Өчигдөрхөн бурханы сонгодог бүтээл мэт гоо сайханаа зарлан байсан тэр цэцэгнээс нэг л нарийхан богинхон иш зүрх өвтгөм харагдаж байлаа.
Яагаад ч миний дотор харанхуйлж хурдан хурдан алхсаар дээшээ гарч хаалга нээнгүүтээ Скот өвгөн цэцэг гэж орилсоноо өөрөө ч мэдсэнгүй Зөвхөн хэн нэгний өчигдөр дарга тэр цэцгийг хүнд бэлэглэхээр таслан авч явсан тухай Скот өвгөний зүрх муудаж эмнэлэгт буй тухай яриа тархин дотор эргэлдэж байлаа .Зөвхөн нүдэнд дарга нууц амрагындаа очихдоо бэлдэж очидог цэцэгийн баглаа сэтгэл зуран гуниг дагуулсаар бодол дотор харагдлаа.
Харин тэр өдрөөс хойш хэд хоногын дараа би зүрх гарган тэр цэцэгийн тухай даргаас асуун:
-Энэ бол ухаангүй үйлдэл байсан юм гэж зэмлэхэд, Дарга
-Тиймээ би ч тэр цэцэгийг үгүйлдэг тэр өдөр болзооноосоо хоцрох шахсан юм .Цэцэг захиалахаа бүүр мартаж орхисон байсан юм .
Ноён Билл та ч сайн ойлгож байгаа байх цаг бол мөнгө шүү дээ Нэг цэцэгний төлөө уулзалтаас хоцрох нь миний зарчим нийцэхгүй гэж хариулсан юм .
Харин би тэр үед цэцэгний тухай бодож хүмүүс бид ямар өчүүхэн юм вэ ? Дэргэд минь гайхамшиг дэлгэрч байхад нь анзаардаггүй мөртлөө үгүй болсон хойно гайхамшиг байж дээ гэж нэхэн санаж өөртөө гомдож байсан юм. Тэр цэцэгнээс хойш миний амьдрал өөр болсон . Би үхсэн хүн шиг амьдардаг байсан аа мэдэж амьд хүн шиг амьдрахыг хичээдэг болсон юм. Өглөөний нарыг ширтэн зогсох бүрт минь тэр цэцэгийн тухай бодол гунигтай мөртлөө гоо сайханыг дагуулж Яг л надад зориулж бүтээсэн бурханы бэлэг шиг дотор минь амьдарч байдаг юм.
Тэнгэрийн хаяа чи ямархан дотно юм бэ ?
Тэнгэр газар уулздаг сэтгэлийн минь зураг шиг
Юм бүхэн эхлэдэг эхлэл шиг гайхамшиг мэт
Юм бүхэн төгсдөг тайлшгүй оньсого шиг
Хамгийн сайхан гунигыг надад төрүүлж
Хараад ханашгүй гоо мэдрэмжийг надад бэлэглэнэ
Хосгүй сайхан энэ орон зай цаг мөч
Хэн нэгний бүүр надад зориулсан шүлэг мэт
Тэнгэрийн хаяа чи ямархан дотно юм бэ ?
Тэнгэрийн хязгаарт хүргэх жим өмнө минь харагдавч
Тэрүүгээр алхах хөл байвч хүсэл алга
Тайлагдашгүй агуу үнэн хадгалсан авдар урд минь байвч
Түлхүүр нь зөвхөн бурханд л бий
Одоо боллоо огт байхгүй юмыг хайх эрэлээ зогсооёо
Орчлонгоос тасарсан хүсэлээ нэг л удаа мартая
Ондоо нүдтэй тэр хүсэлээс минь ганцаардал амтагдахад
Одоо л дэргэд минь зовлон хань болон зогсоно ...
Үгүй ээ...
Би гэрэл гэгээнд дуртай
Уйтгар гиншсэн өнөөдөрт амт алгаа
Насаараа маргаашийн тухай бодохгүй бол юутай уйтай
Нар хүлээх энэ л хүсэл минь жаргал бас зовлон юм байна
Нэг л насаараа сарны гэрэлд дулаацах минь тавилан юм
байна
Одоо боллоо орчлонгын хэмнэлээр амьдарч чадашгүй нь
Огт байхгүй юмныхаа эрэлд гарья даа
Ай миний зүрхэнд дэлгэрсэн гунигын галт цэцэг минь
Мөнхийн цаг хугацаа санаа алдах торгон хоромд чи минь
______________________________________соёолж
Мөнгөн нулимсны дусалууд чамайг хур болгон тэтгэнэ
Мичид сансарын гэгээн илчинд чи минь дулаацаж
Мянган бодлын үзүүрт цоморлог чинь дэлгэрнэ
Ай гунигын галт цэцэг минь чи минь дэлгэрээрэй
Өнгө мөнгөний хорвоод шунаагүй хүсэлийн тухай
Өөртэй минь учируулах ганцаардалын хөгөөр
Өөр хэн ч дуулж амжаагүй аялгууг
Өглөөний нар шиг утга учир түгээн дуулан дэлгэрээрэй
Ай гунигын галт цэцэг минь чи минь дуулаарай
Миний эзгүйд
Мянган жил
Миний л өнгөөр дуулаарай ...
Сая сая ододын дунд хамгаас тод од нь би байсан
Сарны охин над дээр ирж ятга тоглож өгөхөд
Салхи зайдлан зугтаж мөнх зуныг зорисон
Саруул талын дунд нарны охин шүүдэр дэвсэн зогсход
Сэтгэл зүрхээ цэцэг болгон улан доор нь дэвссэн
Тэглээ гээд нарны охин нэг л гишгэчихээд
Тэнгэрээ зорин эргэж ч харалгүй одсон
Тэнэглэл бардамнагал минь нулимас болон урсахад
шаргал навч болон хувираад
Тэртээх нуурын мандалд хийсэн унасан
Тэнд би ганцаараа цурхиран уйлахад оддын дүрснүүд шоолон инээдэг байсан
Төөрүүлж орхисон сарны охин минь ирж ятгаа тоглож
_______________________________________өгөхөд
Тэсгим хүйтнийг үдсэн хаврын яргуй болж дахин дэлгэрсэн
Одоо би нарны охин мөнх зунд итгэхээ больсон
Орчлонг чимдэг хаврын цэцэг болсон
Оногдсон гэсгээл минь төгсөж шинэ бүхэн эхлэхэд
Од болон хувирч сарны охины дэргэд очино

Надруу харж бүү инээ инээд чинь намайг алж байна
Нарны тарнитай инээд чинь сарны гэгээтэй тавиланг
___________________________минь мартуулж байна
Зүрхэн дотор цангинах инээд чинь
Зүйдэлгүй тэнгэрийн бэлчирээс хүсэлийг минь газарт
_______________________________унагааж байна
Үгүй ээ надруу харж бүү инээ
Энгэрт минь амьдрах үнэнг хүсэх хүсэл минь
Инээдийн чинь тоогоор эмтэрэн бутарч байна
Чиний инээд бурханых ч биш чөтгөрийх ч биш хүнийх
Эгэл амьдралын гудамжинд төөрүүлэх урхи занга
Надруу харж бүү инээ инээд чинь намайг алж байна
Дэндүү үнэтэй инээдийн чинь дэргэд
Дөхөж би дулаацмааргүй байна
Далд бүхний цаана нам гүмхэн бодолд дарагдан суумаар
_______________________________байна
Дүүлж нисэх тэнгэртээ цуурай болж шингэмээр байна
Надруу харж бүү инээ инээд чинь намайг алж байна

Ассан асаагүй лаанууд
______Сарны дөлт лаанууд гоо гэрэл түгээнэ
Ассан асаагүй лаанууд
______Тодоос тод гэрэлт лаа хамгийн түрүүнд бөхнө
Ассан асаагүй лаанууд
______Асаагүй үл асах лаанууд дэндүү олон
Ассан асаагүй лаанууд
______Аниргүй мөнхийн харанхуй дүнхийнэ

Хуучин дэнлүү эцсийн удаа асах шиг тийм тод сартай би
__________________________хонолоо
Хөгжимийн тайлшгүй хэлээр хүүрнэх тийм яруухан
__________________________сартай би хонолоо
Хүсэлийнхээ тухай нулимасаараа бичсэн шүлэг шиг тийм
__________________________өнчин сартай би хонолоо
Хорвоогийн нүгэлийг нимгэлэх шидтэй тийм гэгээхэн
__________________________сартай би хонолоо
Дарс амтлаг дурлал шиг халуухан
Дуу шиг уянгалаг модод шиг дүнсгэр
Цэцэг шиг үзэсгэлэнтэй цас шиг цагаахан
Шүүдэр шиг тунгалаг шүлэг шиг ариухан
Тийм л сар дэргэд минь ирж хонолоо
Нулимас шиг шорвог зовлон шиг үнэнч
Нар шиг утга учиртай намар шиг дотно
Салхи шиг тэнүүлч сэтгэл шиг гүнзгий
Ганцаардал шиг эрх чөлөөт гуниг шиг гэгээхэн
Тийм л сар дэргэд минь ирж хонолоо
Үнэн шиг нууц үхэл шиг тод
Үйл шиг минь дагалдах бодол шиг ёроолгүй
Төөрөг шиг минь зурагдсан
Бурхан шиг тайлагдашгүй
Тийм л сар дэргэд минь ирж хонолоо
Хуучин дэнлүү эцсийн удаа асах шиг тийм тод сартай би
__________________________хонолоо
Хөгжимийн тайлшгүй хэлээр хүүрнэх тийм яруухан
__________________________сартай би хонолоо
Хүсэлийнхээ тухай нулимсаараа бичсэн шүлэг шиг тийм
__________________________өнчин сартай би хонолоо
Хорвоогийн нүгэлийг нимгэлэх шидтэй тийм гэгээхэн
__________________________сартай би хонолоо
Шөнө бид хоёр чим чимээгүй өөд өөдөөсөө харахад
Уудам эрх чөлөө миний мэдэлд ирдэг
Шөнө бид хоёр мянган оньсого таалцаж суухад
Далд ертөнцийн улаач ирж чихэнд минь үг шивнэдэг
Шөнө бид хоёр нарыг хүлээж гуниглаж зогсоход
Цаг хугацаа зогсож ододын гэрлийг надад бэлэглэдэг
Шөнө бид хоёр гэрэлт мөрөөдөлөө хуваалцан хуучилахад
Түмэн маргааш цуглаад бидний яриаг чагнан суудаг

Чиний мөрөнд дээр би шаргал навч болон тогтоод
Чангаар инээхэд чинь бутараад алган нь дээр чинь буудаг
Чиний үсэн дээр би цасан ширхэг болж унаад
Чимхэн төдий халуунд чинь хайлж чамд шингэдэг
Чиний нүдэн дотор би цэцэг болон дэлгэрээд
Чимээгүй санаа алдахад чинь нулимс болон урсдаг
Чиний дээр би бороо болон асгараад
Чамайг дээшээ харахад чинь солонго болон татдаг

АЙ бурхан минь юу вэ ?
Энд бүх юм байраа сольчихож
Эгшигт хүмүүс энд тэнд ганцаараа
Эрүүл сэтгэлгээ зүрхэндээ шархтай үхлүүт
Эцсийн удаа хорвоог харах харц айдсаар дүүрэн
Эргэж ирэхгүй одсон гэрэл гэгээний хойноос шүлгийн
_______________________мөрүүд хөвөрнөм
Ай бурхан минь юу вэ ?
Энд бүх юм байраа сольчихож
Тэнгисийн хөвөөнд одод гэрэлгүй хөвж
Тэнгэрийн цээжинд гэрэлт цохнууд гийж
Тэртээд гээгдсэн зөв сэтгэлийн тухай өвгөн хуурч домог
_______________________хайлахад
Тэр чинь байгаагүй юм гэж харанхуй хүйтнээр дуугарна
Харанхуйд амьд үлдэгсэд сарны гэрэлд дулаацаж
Харанхуйд өөрөөсөө төөрөгсөд амгалан зүүд зүүдэлнэ
Харанхуйд маргааш ч ирэхгүй өнөөдөр үргэлжилнэ
Харанхуйд адгуус хаанчилж тэнгэр холдож байна
Өглөө нар мандаж шүүдэр хатахад
Өглөө үхлийн бодол зүрхний гүнд гэгээ болон амилахад
Өглөө өөрийгөө танихад сэтгэшгүй нэг бодол үлдэхэд
Өглөө өглөө ч бас уйтгар гунигаар дүүрэн байна
Тэнгэрийн хаяанд ганц шувуу үзэгдэх шиг
___________________би ганцаараа байна
Тэргэл саран усанд дүрсээ харах шиг
___________________би ганцаараа байна
Түүдэг гал эзэнгүй талд гэнэт асах шиг
___________________би ганцаараа байна
Өнчин хийлийн эгшиг өөрийгөө сонсох шиг
___________________би ганцаараа байна
Хойд насандаа болзсон амрагууд дахин уулзах шиг
___________________би ганцаараа байна
Хажуугаар зөрөх цаг хугацаа зогсож эргэн харах шиг
___________________би ганцаараа байна
Хэлбэр дүрсгүй орон зай хавар хувирах шиг
___________________би ганцаараа байна
Хорвоогийн нэгэн зайд би өөртэйгөө уулзах шиг
___________________би ганцаараа байна
Шөнө дундын гуниг минь чамд үнсүүлэх гэж хичнээн яарав
_______________________________даа
Шар нарны эгэл өдрүүдээс хичнээн их залхнам
Хуучин гитарын хөггүй утас ёолох шиг энэ нам гүнд
Хуурамч багаа тайлан чамд үнсүүлэх хичнээн сайхан юм вэ
Ахиад л .. ахиад үнэнд дурласан хүсэл өндөлзөнө
Аниргүй нам гүн дэх алдар хэнд хэрэгтэй юм бэ?
Агшин зуур л ард минь хоцрох энэ дэн буудалд
Аяа гуниглал минь чи цэцгийн дэлбээ болж гараас минь сул
_______________________________асгаран үлдэнэ
.

Тасалгаан дундуур уйтгар зарлан тэнүүчилэх
Тамхины утаа асуулт болон тодрох нь
____________________ хань болох шиг???

Зүрхэнд цогшсон хайрын дөл чинь
Зүггүй салхинд бөхийхийн цагт
Зангидаж өгсөн итгэлийн торгон алчуур минь
Зуурхан шуурганд алдуурахын цагт
Өвдгийг минь дэрлээд шивнэсэн үг чинь
Өвсний толгойд шүүдэр болон бөнжигнөхийн цагт


Нэрээр минь дуудсаар чи минь наддаа ирж байгаарай
Нэг л их хайрын гашуун амтыг бүү мэдрүүлээрэй

Нүгэлийн тамгаггүй тэгш заяа гэж байдаггүй юм
Намрын гэгээгүй бүлээн харц гэж байдаггүй юм
Цэн цэнгээр гэмширэх нулимсаа
Цээжний нөмөрт минь ирж асгаарай
Уйлахын дайтай гэмшил чамд минь байгаа бол
Уучлахын дайтай уяхан сэтгэл надад байдаг юм
Уулын үзүүрт уяатай бардам харц чинь
Урсах нулимстайгаа хамт хайранд минь багтдаг юм шүү
Гэмшилийн нулимс нүдэнд чинь зохидог болохоор
Уучлашгүй гэм гэж чамд минь үгүй
Гэгээн аялгуу зүрхийг минь аргаддаг болохоор
Марташгүй шарх надад үгүй ээ

Нэрээр минь дуудсаар чи минь наддаа ирж байгаарай
Нэг л их хайрын халуун амтыг мэдрээрэй


Тэр л хаврын хөх яргуйтай хоршин дэлбээлсэн хайр минь
Тэнгэрийн доорхи шаргал ертөнцтэй хамт хагдарнам
Элбэж тэрэлсэн дурсамжаараа ганцаараа алхаж
Эцэс нь тавигдсан ертөнцөөсөө түүсэн сувдаа сул асган
                                                                             зогсном
Юуны учир болоод чи салхин гүйдэлтэй үгсийг шивнэж
Юуны учир болоод чи цэцгэн амьтай хайрыг амилуулав
Юуны учир болоод итгэлийн тал нутаг минь намраараа
                                                                             хоцорном
Юуны учир болоод эзгүйрсэн сэтгэлд уянгалаг цэцэгс
                                                                             дэлгэрнэм
Нэг л үгний хойноос мянгантаа бэдрэвч
Нэхэж лавласан эрэл минь чимээгүй ертөнцөд тулж
                                                                             мухардана
Юуны учир ...


Намар цаг үгүй бол
хорвоо юутай уйтай
Өндийж ургасан яргуйн домог хэнзэрч
Өөдрөг сэтгэл чангаасан
шинэхэн ногооны үнэр хуучирна
Өөдөө дэлгэрсэн үзэсгэлэнт цэцгс үнэ цэнээ алдана
Өнгө өнгөөр уянгалах аялгуу нэг л өнгөөр урсана
Намар цаг үгүй бол хорвоо юутай уйтай
Нар шиг алтан хөнжил нөмөрсөн талыг хэн ч олж харахгүй
Навчисаа гүвсэн нөмгөн модод үгүйсэн бол
Насны савтай тавилангын, гунигын гэгээ хорвоод татахгүй
Намар цаг үгүй бол хорвоо юутай уйтай
Буйлан амаараа уйлах нялзрайхан байхад минь
Бурхан миний дэргэд байсан
Буруу харахад нь би уйлганаж
Буцаад эргэхэд нь инээж
Бурханд би эрхэлдэг байсан
Бүүвэйн дуунд уярч
Бүтэн хайрын энгэрт хургаж
Буцаж харалгүй бурханаас би холдсон
Хийсэн үйлийнхээ үрээр
Хиргүй цагаан сэтгэлээ хараар будаж
Бурханаас би төөрсөн
Зовлонгын дацанд гуниглахуйн чуулбараа тунгаан суухад
                                                                             минь
Зөн амилуулсан бурхан над дээр ирсэн
Зурагдсан тавилан дээр минь гэгээ асгаж
Зөөлөн бороотой хөглөгдсөн хорвоог надад бэлгэлсэн
Зөн минь бадарлах их үнэнийг олох гэж
Зүрхэнд эгширэх гунигаа гуниг биш гэж би голно

Зурвасхан харвах солирын гэгээг атгах гэж
Завсаргүй анивчих гэрлийг би голно

Дуу алсрах тэнгэрээс өөрөөрөө урсах гэж
Дурлал амилуулах аялгууг төгс бус гэж би голно

Зуу зуун жил амьдрах гэж
Зуурхан сүүмэлзэх жаргалыг би голно

Захгүй их хүслийн хязгаарт хүрэх гэж
Зул шиг бадмалсан мэргэдийн дэргэд
Өөрийгөө би голно

Гэрлээр инээмсэглэх од болон төрөх гэж
Гэрлийн ард сүүдэр уясан хорвоог
Дутуу гэж би голно

Чимээгүй ертөнцөд бороо шаагина
Чимэггүй сарны тавилан түр буудалжээ
Чагнах дургүй аялгууг инээдэн дороо нууж
Чангалж далдласан нулимсныхаа тухай өөрөөсөө л асууна





Үүслийн ариун тэнгисээс буцах эрхгүй цөлөгдөөд
Үзүүр үгүй балархай жимээр үнэний зүг рүү
Үхрийн сажилалтаар нүүж яваа би нүүдэлээ
Тараавал тал дүүрэх бодол минь миний ачаа
Танихгүй хүн шиг өнгөрөх он цагууд
Танимхайрах бүрийд минь ачаа даана
Урд минь хөндөлсөх уулсын оройтой уулзахуйд
Ухаарал болж ирэх бурханы салхинд гунигаа амраасан
би нүүдэлээ
Түмэн өнгийн хүслээ наран ургах зүгт зангидсан
Алдаа хийгээд зовлонгийн чуулбараас
Үхэлийн учгыг тайлсан
Өдөр шөнө болж зочилох аниргүй салхины урсгалд
Өнчирч нүцгэрэх заяатай ч
Би үхлийг дарлаж нүүж яваа би нүүдэлээ
Өнгө алаг хорвоогийн хөрсөнд өөрийн мөрөө таталсан
Өнгөрсөн үлдсэн мөрөн дээр минь өнгө өнгийн цэцэг

алагласан
Өчигдөр үлдээсэн мөртэйгээ өнжөөд уулзах тавилантай
Би үйлэндээ дарлагдсан би нүүдэлээ
Зурагдсан тавилангаа хөглөж
Зүрхэн шаргал навчсын талд хаваржиж
Зөөлөн салхинд бөхийх нялх цэцэгсийн аглагт намаржиж
Зөн минь амилах гэгээн зүг рүү
Зүрхний хэмнээгээр нүүж яваа би нүүдэлээ



Уучлал ухаарлын гэгээ тэнгэрийн хаяанд улайвч
                                                хорвоо чимээгүй оршино
Уйтгар дагуулсан уянгалаг цэцгүүд тэнгисийн мандалд дэлгэрэвч
                                                хорвоо чимээгүй оршино
Атаа жөтөө хорслын салхинд сүү асгарч хөрсөнд шингэвч
                                                хорвоо чимээгүй оршино
Алдар хийгээд өнгөний үүлс нарыг халхалавч
                                                хорвоо чимээгүй оршино
Бурхад шиг мэргэд алт шиг үг унагавч хорвоо
                                                хорвоо чимээгүй оршино
Буйдхан гунигаа хайлж эрдэнэ шиг шүлэг тэрлэвч
                                                хорвоо чимээгүй оршино
Алдаа хийгээд зовлонгын үзүүрт гэгээ сүүмэлзэвч
                                                хорвоо чимээгүй оршино
Амгалан маргаашийн замыг бурхан мянгантаа сургавч
                                                хорвоо чимээгүй оршино
Нарны доор ижийн сэтгэл ижилгүй ундравч
                                                хорвоо чимээгүй оршино
Нүгэлийн жавраас буяны гэгээ рүү нүүдэллэх жим үе үе балравч
                                                хорвоо чимээгүй оршино
Харин би ...Тавиланд минь юүлэгдсэн насаа чимээ болгон хөгжимдсөөр төгсөнөЧимээгүй оршино 'анхны ном'